CU, GS25-аас эхэлсэн Солонгос франчайзын давалгаа өнөөдөр кофе шоп, бэйкери, түргэн хоолны салбарууд руу тэлж байна. Tэлэлт яагаад эдгээр салбарт төвлөрч байгаа, үүнд ямар хүчин зүйлсүүд голчлон нөлөөлж байгааг энэ нийтлэлээрээ тайлбарлав.
Хураангуй
1. Солонгос франчайзуудын тэлэлт конвиненс дэлгүүрээс цааш гарчээ.
CU, GS25-аас эхлэсэн Солонгос франчайз брендүүд кофе шоп, бэйкери, түргэн хоол зэрэг салбаруудад эрчимтэй тэлж байна.
2. Кофе шоп, бэйкери зах зээл хамгийн хүчтэй төвлөрөлтэй байна.
CU, GS25-ыг эс тооцвол идэвхтэй Солонгос брэндүүдийн нийт салбарын бараг 80% нь café–bakery сегментэд төвлөрсөн.
3. “Халлю” үзэгдэл брэндүүдийн өмнөөс хэрэглэгчдийг бэлтгэсэн.
Солонгосын соёл, хоол, хэрэглээний хэв маяг олон жилийн турш танил болсон нь шинэ брэндүүдэд зах зээлд нэвтрэх давуу тал болж байна.
Өрсөлдөөн цаашид бүтээгдэхүүнээс систем рүү шилжинэ.
Туршигдсан франчайзын загвар, хүчтэй дотоодын түншүүдийн хослол тэлэлтийг хурдасгаж байгаа тул дотоодын брэндүүдийн хувьд ялгарал, стандарт, тогтолцоо улам чухал болно.
Улаанбаатарын хотын аль нэг гудамжаар алхахад CU, GS25-аас эхлээд Tous les Jours, Mega Coffee, Mom’s Touch, Cafe bene зэрэг Солонгос брэндүүдтэй таарах нь аль хэдийн хэвийн үзэгдэл болжээ.
“Lemon Press”-ийн 2026 оны долоодугаар сард гаргасан мэдээллээр, Монгол улсад хамгийн сүүлд нээгдсэн болон идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Өмнөд Солонгос улсын 10 франчайз брендийн салбарын нийт тоо л гэхэд 1,000 хол давжээ.
Үүний дийлэнхийг нь буюу 85.8%-г CU болон GS25 (нийлээд 858 салбар) бүрдүүлж байгаа ч сүүлийн жилүүдэд тэлэлт зөвхөн конвиненс дэлгүүрээр хязгаарлагдахаа больж бэйкери, кофе шоп, ресторан болон жижиглэн худалдааны салбаруудад эрчимтэй явагдаж байгааг доорх хүснэгтээс харж болно.

Уг хүснэгтэд CU, GS25-г эс тооцвол Монголд идэвхтэй 12 Солонгос франчайз брэнд, нийт 162 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүний бараг (79.6%) 80% буюу 129 салбар (96 кофе шоп, 33 бэйкери кафе) нь зөвхөн café–bakery сегментэд төвлөрч байна.
Тэгвэл өсөлт яагаад café-bakery сегментэд төвлөрч байна вэ? Энэ өсөлт юуг өгүүлж байгаа тухай тайлбарлая.
1. Солонгос давалгаа буюу Халлю (Hallyu – 韩流) үзэгдлийн нөлөө
1990-ээд оны сүүлчээр Азийн санхүүгийн хямрал Өмнөд Солонгосын эдийн засагт хүчтэй нөлөөлж байсан үед Ким Дэ Жун (Kim Dae-jung) улсын ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрээр 1998 онд тангараг өргөхдөө эдийн засгийг солонгоруулах, улсын имижийг сайжруулах зорилгоор “Соёлын аж үйлдвэр”-ийг 21-р зууны эдийн засгийн шинэ тулгуур салбарын нэг гэж тодорхойлжээ.

Үүний дараа “Соёлын үйлдвэрлэлийг дэмжих суурь хууль” батлагдаж, төрөөс соёл, энтертайнмент, контентын салбарт тогтмол хөрөнгө оруулалт хийж, улсын төсвийн 1-с багагүй хувийг зарцуулж байх болсноор, “Халлю” буюу “Солонгосын давалгаа”-ны үндэс тавигдсан гэж үздэг.
Уг давлагаа 1990-ээд оны сүүлээс 2000-аад оны эхэн үед Солонгосын кино драмаас эхэлж, 2000–2010-аад онд К-поп, хувцас загвар, хоол болон гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг хэрэглээний олон салбар руу тэлжээ. Харин 2020-иод оноос “Халлю” нь зөвхөн контент, бүтээгдэхүүнээр хязгаарлагдахаа больж, Солонгос улсын амьдралын хэв маяг, хэрэглээний соёлыг бүхэлд нь олон улсад түгээх хэмжээнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл “Халлю” нь “контентын экспорт”-оос “амьдралын хэв маягийн экспорт” болж өргөжжээ.
KOFICE буюу “Солонгосын Олон Улсын Соёлын Солилцооны Сан” -ын гаргасан судалгаагаар 2024 онд “Халлю”-гийн нөлөөгөөр бий болсон экспорт $15.18 тэрбум долларт хүрсэн бөгөөд үүний 47% буюу $7.17 тэрбумыг гоо сайхан, хүнс зэрэг хэрэглээний салбар бүрдүүлсэн байна гэжээ.
Тэгвэл “Халлю” давалгаaны бизнест үзүүлж байгаа хамгийн том нөлөө нь Солонгос брэндүүдэд тухайн зах зээлд нэвтрэхээс нь өмнө хэрэглэгчдийг урьдчилан бэлдэж өгч байгаад оршиж байна. Монгол хэрэглэгчдийн хувьд Солонгос улсын кино, хөгжмөөр дамжуулан Солонгос хоол, гоо сайхан, кофе, дэлгүүр зэрэгтэй олон жилийн турш танилцсанаар “Солонгос гаралтай” бүтээгдэхүүн, үйлчилгээ аль хэдийн танил мэт болсон байдаг. Ингэснээр шинэ франчайз брэндүүдэд өөрсдийгөө эхнээс нь тайлбарлах бус, хэрэглэгчдийн аль хэдийн бий болсон танил байдал, эерэг төсөөлөл дээр тулгуурлан зах зээлд амар хялбар нэвтрэх боломжийг үүсгэжээ.
Маркетингийн онолоор үүнийг Country-of-Origin Effect (гарал үүслийн нөлөө) болон Halo Effect (эерэг сэтгэгдлийн шилжилт) тайлбарлаж болно.
2. Солонгосын дотоодын кофе, бэйкери зах зээлийн ширүүн өрсөлдөөн

Өмнөд Солонгос нь кофе, бэйкериний хэрэглээ өндөр хөгжсөн улс орнуудын нэг юм. 2024 онд Солонгос улсын дотоодын кофе зах зээл нийт 3.7 их наяд вонд хүрч, 2018 оноос хойш 35.6%-иар өссөн байна. Мөн 2023 оны байдлаар кофе шопын тоо 106,452-т хүрч, нийт хоол ундааны салбарын 13.4% буюу бараг 7 газар тутмын 1 нь кофе шоп байна.
Үүнийгээ дагаад Солонгосчуудын кофе хэрэглээ нь ч өндөр байдаг. “Euromonitor International”-н 2023 онд хийсэн судалгаагаар Солонгос хүн жилд дунджаар 405 аяга кофе хэрэглэсэн гэсэн тооцоо гаргасан бөгөөд энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
2024 оны байдлаар Солонгост нийт 96 мянга гаруй кофе шоп бүртгэлтэй байсан ч энэ тоо 2025 оны I улирлын дараагаар 0.8%-р агшсан нь салбарын өсөлт 2018 оноос хойш анх удаа буурсан нь энэ юм.
Харин франчайз хэлбэрээр ажилдаг кофе, алкохолгүй ундааны төвүүдийн тоо 2024 oнд 34,735 хүрч, өмнөх оноосоо 7.7%-иар өссөн нь дотоодын зах зээл бүхэлдээ ханалтын шатанд орж, франчайз бус кофе шоп, бэйкери кафенууд өрсөлдөөнөөс хасагдаж байгааг харуулж байна.
Энэ нөхцөл байдал нь Солонгосын франчайз брэндүүдийг шинэ өсөлтийн боломж эрэлхийлж, гадаад зах зээл рүү илүү идэвхтэй тэлэхэд түлхэж байна. Тухайлбал, Mega MGC Coffee гадаад тэлэлтээ Монголоос эхлүүлж, цааш Камбож, Япон, АНУ зэрэг зах зээлийг судалж байгаа бол Compose Coffee Сингапур, Тайвань, Филиппин рүү тэлж байна. Харин Paris Baguette болон Tous Les Jours Хойд Америк, Зүүн Өмнөд Азид салбарын сүлжээгээ өргөжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн дэд бүтцэд хөрөнгө оруулж байна.
3. Жижиг боловч төвлөрсөн зах зээл

Монгол Улс 3.4 сая орчим хүн амтай, нийт зах зээлийн хэмжээгээрээ томд тооцогдохгүй ч франчайз бизнесийн хувьд зөвхөн нийт хүн амын тоо бус, “хэрэглэгчид газарзүйн хувьд хэр төвлөрсөн бэ?” гэдэг нь чухал үзүүлэлт болдог.
2025 оны ҮСХ-ны мэдээллээр МУ-ын нийт 3.43 сая суурин хүн амын 48% буюу бараг тал нь /1.67 сая хүн ам/ Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ нь манай зах зээл нийт массаараа жижиг ч бүс нутгийн хувьд харьцангуй нягт шигүү, байршсан зах зээл гэж үзэж болно.
Франчайз бизнесүүдийн хувьд ийм төвлөрөл нь хэд хэдэн давуу талтай. Жишээлбэл, Олон хотод 10–20 салбар нээх тохиолдолд хот тус бүрд тусдаа агуулах, удирдлага, түгээлт болон дэд бүтэц шаардлагатай болдог. Харин 10–20 салбарыг нэг хотод төвлөрүүлбэл нэг агуулах, нэг төв үйлдвэрлэл, нэг түгээлтийн тогтолцоо болон нэг удирдлагын багаас бүх салбараа дэмжих боломжтой. Үүнийг эдийн засгийн үүднээс зах зээлийн нягтралын давуу тал (market density) гэж нэрлэдэг.
Жишээлбэл, Өмнөд Солонгос улсын Дэжон хот 1.44 сая орчим хүн амтай ба 2025 оны мэдээллээр 3,732 кофе шоп, 663 бэйкери үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь кофе шоп, бэйкери кафены зах зээлийн багтаамжийг зөвхөн нийт хүн амын тоогоор хэмжих бус хэрэглэгчийн нягтрал, худалдан авалтын давтамж, хотын хэрэглээний хэв маяг илүү чухал болохыг харуулж байна. Улаанбаатар хотын хүн ам үүнээс өндөр, хэрэглэгчид нэг дор ихээр төвлөрсөн байдгийг харгалзвал энэ сегмент цаашид ч өсөхөөр байна гэж харж болно.
4. Гуравдагч орон зай ба өсөн нэмэгдэж буй эрэлт

Café–bakery зах зээлийн өсөлтийг зөвхөн хүмүүс өмнөхөөсөө илүү кофе ууж, талх нарийн боов хэрэглэдэг болсoн гэдгээр тайлбарлах нь хангалтгүй. Хотын амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр café–bakery нь бүтээгдэхүүн худалдаж авах цэгээс илүү хүмүүсийн өдөр тутмын амьдралын орон зай болж хувирч байна.
Социологич Ray Oldenburg-ийн тодорхойлсон “Third Place” буюу гуравдагч орон зай гэсэн ойлголтоор хүний эхний орон зай нь гэр, хоёр дахь нь ажил эсвэл сургууль бол гурав дахь нь эдгээрээс гадуур хүмүүстэй уулзаж, ярилцах нийгмийн орон зай юм.
Өнөөдөр café–bakery нь энэ үүргийг хамгийн сайн гүйцэтгэж, зөвхөн бүтээгдэхүүн худалдаж авах газар бус, хэрэглэгчийн өдөр тутмын олон хэрэгцээг нэг дор хангадаг орон зай болжээ. Кофе шопыг уулзалт хийх, ажиллах, хичээллэх, найз нөхөдтэйгөө цаг өнгөрүүлэхэд ашигладаг бол бэйкери кафены формат нь үүн дээр өглөөний цай, талх, сэндвич, амттан, төрсөн өдрийн бялуу зэрэг өдөр тутмын болон баяр ёслолын хэрэглээг давхар нэгтгэж байна.
Эндээс зах зээлийн өсөлтийн чухал нэг механизм харагдана. Зах зээл өсөхийн тулд заавал хэрэглэгчийн тоо нэмэгдэх шаардлагагүй. Харин нэг хэрэглэгчийн тухайн ангиллыг хэрэглэх шалтгаан болон худалдан авах давтамж нэмэгдэхэд нийт эрэлт мөн тэлдэг.
5. Франчайз моделийн давуу тал ба эрх эзэмшигчийн сайн хамтрал

2026.07.09 — Улаанбаатар хотод болсон Монгол–Солонгосын Бизнес Форумын үеэр. БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд.
Франчайзын хамгийн гол давуу тал нь туршигдсан бизнесийн системийг дотоодын түншийн хөрөнгө, хүний нөөц, зах зээлийн мэдлэгтэй хослуулан шинэ зах зээлд хурдан тэлэх боломж олгодогт оршино.
Гэхдээ сайн франчайз брэндтэй байна гэдэг өөрөө амжилтын баталгаа биш. Франчайзи (franchisee) буюу франчайз эрх эзэмшигч нь байршил, хөрөнгө оруулалт, хүний нөөц, нийлүүлэлт болон өдөр тутмын үйл ажиллагааны менежментдээ чадавхгүй байвал дэлхийн ямар ч амжилттай брэнд тухайн зах зээлд бүтэлгүйтэж болно. Харин хүчтэй дотоодын түнштэй тохиолдолд эсрэгээрээ, брэндийн бэлэн системийг тухайн зах зээлд хурдтай тэлэх боломжтой.
Дүгнэлт
Монгол дахь Солонгос франчайз брендүүдийн өсөлт ялангуяа café–bakery сегмент нь “Солонгос кофе шоп, бэйкеринүүд олширч байна” гэсэн энгийн трендээр тайлбарлах нь учир дутагдалтай байна.
Үүний цаана хэрэглэгчдийг олон жилийн турш урьдчилан бэлтгэсэн “Халлю” үзэгдлийн нөлөө, Солонгосын дотоодын ханасан, ширүүн өрсөлдөөнөөс шинэ зах зээл эрэлхийлж буй брэндүүдийн тэлэлт, Монголын жижиг боловч төвлөрсөн зах зээлийн онцлог, хотын хэрэглээний хэв маягийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Цаашид ч энэ тэлэлт үргэлжлэх бөгөөд хэрэглээний бусад салбарууд руу тэлнэ гэж харж байна.
Мөн энэ өсөлтөд франчайзи (franchisee) буюу франчайз эрх эзэмшигч дотоодын компаниудын үүрэг, менежментийн чадавх салшгүй холбоотойг дурьдах нь зүйтэй.
Тэгвэл эндээс “Дотоодын брендүүд яах вэ?” гэсэн сонирхолтой асуулт гарч ирнэ.
- Дотоодын кофе шоп, бэйкери брэндүүд цаашид юугаараа өрсөлдөх вэ? Дан ганц сайн бүтээгдэхүүн үү, эсвэл системчилсэн бизнесийн загвар уу?
- “Монгол брэнд” гэдэг нь өөрөө хангалттай ялгарал мөн үү? Энэ үнэхээр хэрэглэгчийн сонголтод нөлөөлөх давуу тал байж чадах уу?
- Хэрэглэгчийн сонголт улам олширч байхад дотоодын брэндүүд үнэ, байршил, бүтээгдэхүүнээс өөр юугаар өөрсдийгөө хамгаалах вэ?
- Дотоодын брэндүүд бусдыг дагаж хөгжих үү, эсвэл өөрсдийн гэсэн шинэ стандартыг бий болгож чадах уу?
Эцэст нь Монголын кофе, бэйкери брэндүүд дотоодын зах зээлийн өрсөлдөнөөс цааш гарч, өөрсдөө гадаад зах зээлд тэлэх хэмжээний брэнд болж чадах уу? гэсэн асуулт үлдэж байна. Харин уншигч та юу гэж бодож байна?