Дэлхийн №1 Пиццаны сүлжээ ресторан яагаад зарагдах болов?

pizza hut

Зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтөд дасан зохицож чадаагүй компаниуд хэчнээн том байсан ч үнэ цэн, давамгайллаа алддаг. Pizza Hut бол үүний хамгийн тод жишээний нэг юм.

Хураангуй

1

Давуу тал үргэлж давуу тал хэвээр байдаггүй.

Нэгэн цагт Pizza Hut-г дэлхийн №1 болгосон гэр бүлийн рестораны загвар нь хамгийн том зардал, сул тал болж хувирсан.

2

Анхдагч байх нь хангалтгүй. Стратеги болгох нь ялалтад хөтөлдөг.

Pizza Hut технологийг анх нэвтрүүлсэн бол Domino’s Pizza үүнийг бизнесийнхээ цөм стратеги болгож чадсан.

3

Зах зээл өөрчлөгдөхөд бизнес модель ч өөрчлөгдөх ёстой.

Хэрэглэгчид ресторанаас хүргэлтийг илүүд үзэхэд Pizza Hut хуучин загвартаа хэт удаан үлдсэн.

4

Өнгөрсөн амжилт ирээдүйн баталгаа биш.

Өмнө нь ялсан арга барилдаа хэт удаан итгэх нь том компаниудын хамгийн нийтлэг алдаа.

Нэгэн цагт дэлхийн хамгийн том пиццаны сүлжээ ресторан байсан 68 жилийн түүхтэй Pizza Hut брэндийг толгой компани болох “Yum Brands” саяхан (2026 оны 6 сарын 16-нд) нийт 2.7 тэрбум ам.долларooр зарах болсноо албан ёсоор зарлав. Үүнд:

  • Эх газрын Хятадаас бусад бүх бизнесээ (МУ-д байгаа бүх салбар багтана) Long Range Capital хэмээх хувийн хөрөнгө оруулалтын санд 1.5 тэрбум ам долларooр
  • Эх газрын Хятад дах бизнесээ мастер франчайз эрх эзэмшигч “Yum China Holdings”-т 1.2 тэрбум ам доллароор тус тус худалдахаар болжээ.

Ингэснээр “Yum Brands” дэлхийн 100 гаруй улсад 20,000 гаруй салбартай Pizza Hut-с өрх тусгаарлаж KFC, TACO BELL хоёрт төвлөрөхөөр болов. Гэхдээ энэ шийдвэр нь тэдний хувьд гэнэтийнх байгаагүй бөгөөд “Yum Brands” аль хоёр жилийн өмнөөс эхлэн Pizza Hut-г худалдахаар эрэл хайгуул хийж эхэлжээ.

Үүсэл гарал (1958-1965)

1958 онд АНУ-д пицца хэмээх хоол ид алдартай болж байх үед, Канзас мужийн Уичита хотын ах, дүү Dan & Frank Carney нар Pizza Hut-г үүсгэн байгуулжээ. Тэд бизнесээ эхлүүлэхийн тулд ээжээсээ 600 ам.доллар зээлж, анхны салбараа нээсэн бөгөөд салбарын хаягны зайн багтаамжаас хамаарч нэрээ ердөө 8 үсгэнд багтаах шаардлагатай байсан тул “Pizza Hut буюу Пиццаны овоохой” гэх нэрийг сонгосон гэдэг.

Хэдийгээр ах дүүст рестораны туршлага байгаагүй ч үнэгүй амталгаа, амнаас ам дамжсан маркетингийн ачаар богино хугацаанд оюутнуудын дунд алдартай болж, ердөө зургаан сарын дараа хоёр дахь салбараа нээжээ. Улмаар 1959 онд АНУ-ын пиццаны салбарын анхны франчайзингийг эхлүүлснээр хурдацтай өсөх сууриа тавьсан юм.

Хурдацтай өсөлт буюу дэлхийн №1 болсон нь (1966-1977)

Pizza Hut франчайзингийн загварын амжилттай ашиглаж чадсан компаниудын нэг байв.  Тэд 1966 онд АНУ-д 145 салбартай байсан бол ердөө тавхан жилийн дараа буюу 1971 онд гэхэд 1000 гаруй салбартай болж салбарын тоо болон борлуулалтаараа дэлхийн хамгийн том пиццаны сүлжээ ресторан болсон байв. Энэхүү хурдацтай өсөлтийн цаана гурван гол хүчин зүйл байлаа.

  • Нэгдсэн брэндийн дүр төрх: 1960-аад он хүртэл Pizza Hut-н ихэнх франчайз салбарууд өөр өөр дүр төрхтэй байсныг бүгдийг нь “улаан өнгийн дээвэр”-тэй болгон нэгтгэжээ.  Энэ нь хэрэглэгчдэд хаанаас ч таних тэмдэг болж, ижил чанартай, үйлчилгээ авна гэсэн итгэлийг бий болгож чадсан бөгөөд тус улаан дээврийн дүрслэлийг логонд суулган өгснөөр өнөөг хүртэл дэлхий даяар ашиглагдах болсон.
  • Меню хөгжүүлэлт: Тэд орон даяар анх удаа нимгэн, шаржигнасан гурилтай (Thin ‘n Crispy) пиццаг танилцуулахаас гадна өөрсдийн нэрийн сэндвич, итали маягийн паста болон үнэгүй салад зэргийг цэсэндээ оруулснаар гэр бүлийн бүх хүнд зориулсан хоолыг санал болгож байв.
  • Гэр бүлийн ресторан (Dine-in): Энэ хамгийн чухал нь! Pizza Hut нь тухайн үедээ зүгээр нэг түргэн хоолны ресторан байгаагүй. Салбарууд нь дотроо тухлан суух зориулалттай модон ширээ, сандалтай, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн интерьертэй байсан бөгөөд Pizza Hut бол гэр бүл, найз нөхдөөрөө цугладаг газар гэсэн соёлыг АНУ даяар нутагшуулж чадсан юм. Өөрөөр хэлбэл тэд дан ганц пицца заралгүй, гэр бүлээрээ хамт хооллох мэдрэмж, туршлагыг зарж байсан.

Оргил үе буюу дэлхийн брэнд болсон нь (1977-2010)

Пицца Хат ийнхүү дотоод зах зээлээ эзэлсний дараагаар анхны ОУ-н франчайз салбараа 1971 онд Канадад, 1973 онд Япон, Их Британид нээн дэлхийн хэмжээний түргэн хоолны ресторан болох сууриа тавьжээ. Гэхдээ уг ноёрхлыг ах, дүү Carney нар дангаар бий болгоогүй бөгөөд өөрсдийн байгуулсан эзэнт гүрнээ шингэн хүнсний акулуудын нэг PepsiCo корпорацад 320 сая ам доллароор зарснаар эхэлсэн байдаг.

  • PepsiCo-н нөлөө хүчтэй ар тал: 1977 oнд Pizza Hut PepsiCo корпорацын мэдэлд шилжсэнээр урьд өмнө нь байгаагүй томоохон санхүүгийн дэмжлэг, нийлүүлэлтийн сүлжээ, менежментийн туршлагатай болсноор дэлхийн брэнд болоход нь томоохон түлхэц үзүүлсэн.
  • Тухайн улсын соёл, амтанд тааруулах (Localization): Pizza Hut ОУ-д гарахдаа тухайн улс үндэстний соёл, хүмүүсийн амтлах мэдрэмжид тохируулан цэсээ өөрчилсөн байдаг. Жишээ нь: Aзийн орнуудад далайн гаралтай бүтээгдэхүүнтэй пицца санал болгож байсан бол Их Британид арай өөр төрлийн соус, бяслагтай пицца гаргаж нутгийн иргэдийн таашаалд нийцүүлж байсан.
  • Бүтээгдэхүүний тасралтгүй шинэчлэлт: Тэд хэрэглэгчдээ хэзээ ч уйдаадаггүй байв. Зузаан, хөвсгөр, зах нь шаржигнасан Pan Pizza, бяслагаар дүүргэсэн захтай Stuffed Crust зэрэг хит бүтээгдэхүүнүүдийг aр араас нь гаргасан нь тухайн үедээ түргэн хоолны салбарт жинхэнэ хувьсгал болж байлаа.

Ийнхүү ОУ-д хурдацтай тэлсээр 2010 он гэхэд Pizza Hut дэлхийн 100 гаруй улсад, 15,000 гаруй салбартай болж пиццаны зах зээлийн тэргүүлэгчдийн нэг болж, дэлхийн хэмжээний ноёрхлыг тогтоов. Тухайн үед дэлхийн хаана ч “пицца” гэхэд хүмүүсийн санаанд хамгийн түрүүнд Pizza Hut буудаг байлаа.

Уналт буюу титмээ алдсан нь (2011-2026)

Pizza Hut-н уналт нэг өдрийн дотор гэнэт ирээгүй. Тэд 1990 он хүртэл АНУ-н пиццаны зах зээлийн дөрөвний нэгийг дангаар эзэлж байсан ч 2010 оноос эхлэн аажмаар байр сууриа алдаж, 2023 онд АНУ дахь зах зээлийн эзлэх хувь нь 14% болж буурчээ. Гол шалтгаан нь дээр дурдсанчлан зах зээлийн өөрчлөлтийг хангалттай хурдан ойлгож, дасан зохицож чадаагүйд байв.

Шалтгаан №1: Технологийн хоцрогдол ба Domino’s-н экосистем

Яг үнэндээ Pizza Hut технологийн хувьд хоцорсон компани байгаагүй. Харин ч эсрэгээрээ DoorDash, UberEats зэрэг хүргэлтийн аппликэйшнууд бий болохоос өмнө 1994 онд PizzaNet гэх интернэт захиалгын системийг туршиж, 2009 онд түргэн хоолны салбартаа хамгийн түрүүнд iPhone-д зориулсан захиалгын аппликэйшнийг гаргаж байсан технологийн анхдагчдын нэг юм.

Гэвч Pizza Hut үүнийг урт хугацааны стратегийн давуу тал бус, маркетингийн шинэлэг ажил төдий гэж харсан нь том алдаа байлаа.

Харин тэдний гол өрсөлдөгч Domino’s Pizza анхнаасаа л хүргэлтэнд төвлөрсөн стратегитай байсан бөгөөд бүр 1980 онд алдарт “30 минутанд хүргэхгүй бол үнэгүй” гэсэн уриагаар эхэлж, үүнийгээ 2008 онд улам төгөлдөржүүлж өөрсдийгөө энгийн нэг пицца хийдэг компани биш “Пицца хүргэдэг технологийн компани” гэж зарлан стратегиа энэ чиглэлд бүрэн төвлөрүүлжээ.

Үүний хүрээнд тэд Domino’s Tracker гэх “хэрэглэгч захиалга өгснөөс хойш пицца ирэх хүртэлх бүхий л үйл явцыг бодит цаг дээр харах боломжтойонцлогтой аппликэйшн бүтээсэн. Энэ нь тухайн үеийн түргэн хоолны салбарт томоохон дэвшил байсан төдийгүй энгийн нэг аппликэйшн биш, хэрэглэгчийн туршлагыг бүхэлд нь удирдах экосистем болсон юм.

Үр дүнд нь Domino’s онлайн болон хүргэлтийн борлуулалтаа эрчимтэй өсгөж, ялангуяа залуу хэрэглэгчдийг амжилттай татаж чадсан. Улмаар зах зээлд эзлэх хувиа 20% хүртэл нэмэгдүүлж, Pizza Hut-г гүйцэн АНУ-ын пиццаны тэргүүлэгч болсон байдаг.

Мэдээж Pizza Hut энэ бүхнийг хараад зүгээр суугаагүй.

Тэд 2019 онд QuikOrder гэх захиалгын технологи, хэрэглэгчийн дата чиглэлээр мэргэшсэн компанийг худалдан авч, өөрийн дата болон захиалгын системийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэвч олон жил ашигласан хуучин пос, кассын системүүд нь шинэ технологитой нийцээгүйгээс шинэчлэл хэд дахин удааширч, аппликэйшний гацалт, хэрэглэгчийн гомдол нэмэгдэв.

Үүн дээр нэмээд IPHFHA буюу АНУ дахь Pizza Hut-н франчайз эзэмшигчдийн холбоо шинэ системийн өндөр өртөг, шимтгэлийг эсэргүүцэн төв компанитайгаа шүүхдэлцсэн нь шинэчлэлийг улам хүндрүүлжээ. (Ихэнх том компаниудад яг энэ зүйл тохиолддог. Тэд шинэ систем & ноу-хауг нэвтрүүлэхээр ханцуй шамлан ордог ч программаас илүү ажлын процесс, ажилчдын хандлага хуучирсан, түүнээсээ салах дургүй байдаг.)

Хэдийгээр энэ бүхэн өнгөц харахад технологийн асуудал мэт боловч үнэндээ тийм биш! Pizza Hut технологийн анхдагч байсан ч түүнийгээ стратегийн давуу тал болгож хөгжүүлээгүй. Харин Domino’s үүнийг бизнесийнхээ цөм стратеги болгож бүх нөөцөө түүнд төвлөрүүлсэн юм.

Шалтгаан №2: Давуу тал нь сул тал болов

Pizza Hut анх гарч ирэхдээ хамгийн амттай пиццатай ресторан гэдгээр бус, гэр бүлээрээ тухлан сууж хооллоход хамгийн тав тухтай ресторан гэдэг давуу талаар ялгарч, энэ нь хожим дэлхийн хамгийн том пиццаны сүлжээ болоход нь чухал нөлөө үзүүлсэн юм.

Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр 2000 оноос хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөж эхлэхэд энэ давуу тал нь аажмаар сул тал болж хувирсан. Ялангуяа 2007–2008 оны дэлхийн санхүүгийн хямрал болон Domino’s-н хүргэлтэд төвлөрсөн стратеги үүнийг улам хурдасгасан ч гол шалтгаан нь хоёр өөр хүчин зүйлд байв.

  • Хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдсөн: Pizza Hut нэгэн цагт гэр бүлээрээ сууж хооллох соёлыг АНУ даяар түгээж чадсан ч 2000-оноос эхлэн хэрэглэгчид ресторан зорихоос илүүтэйгээр гэртээ буйдан дээрээ сууж, гар утсаараа хэдхэн товшилт хийгээд пицца захиалахыг илүүд үзэх болов. Үр дүнд нь нэгэн цагт үргэлж дүүрэн хүнтэй байсан Pizza Hut-ууд аажмаар хүнгүй болж эхэлсэн.
  • Өндөр тогтмол зардал: Хэрэглэгч цөөрсөн ч Pizza Hut том ресторануудынхаа түрээс, ажилчдын цалин, тог цахилгаан зэрэг тогтмол зардлаа төлсөөр байсан тул салбарууд нь аажмаар ашиггүй болж эхэлсэн.

Эцэст нь Pizza Hut 2019 онд АНУ дахь 500 орчим хуучин ресторанаа хаах шийдвэрээ албан ёсоор зарлаж, удалгүй АНУ дахь хамгийн том франчайз эзэмшигч NPC International нь том dine-in ресторануудын өндөр тогтмол зардал, хуримтлагдсан өрийн дарамтаас гарч чадалгүй бараг 1 тэрбум ам.долларын өртэйгөөр дампуурч, 300 гаруй ресторанаа хаахаас өөр аргагүй болсон юм.

Pizza Hut-н АНУ дахь уналт мэдээж зөвхөн дээрх хоёр шалтгаанаар хязгаарлагдахгүй. Тэд хэрэглэгчдээ эргүүлэн татахын тулд өнгөрсөн үеийнхээ дурсамжид тулгуурсан “Newstalgia”маркетингийн кампанит ажлыг 2021 онд эхлүүлсэн. Үүний хүрээнд хуучны улаан аяга, алаг ширээний бүтээлэг, arcade тоглоом зэрэг хуучны үеийг санагдуулах элементүүдийг дахин ашиглаж эхэлсэн юм.

Гэвч өнгөрсөн үеийн дурсамжид тулгуурласан маркетинг нь хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, бизнес моделийн үндсэн асуудлыг шийдэх стратеги биш байлаа.

Дүгнэлт ба бизнесийн сургамж

Pizza Hut-н түүхээс авах бидний хамгийн том сургамжуудыг дараах байдлаар харж болохоор байна. Үүнд:

  • Aмжилтын хавх (Success trap): Компанийг өнгөрсөнд эсвэл одоо ялалтад хөтөлсөн хүчин зүйлс хэрэглэгчийн зан төлөв, зах зээл өөрчлөгдөхөд эсрэгээрээ сул талж болж болдгийг Pizza Hut-н кэйс харуулж байна. Гэтэл компаниуд өөрсдийн амжилтдаа хэт бардаж, “манайх хамгийн том нь”, “манай бүтээгдэхүүн хамгийн сайн нь” гэсээр өрсөлдөгчиддөө биш, өөрсдийн амжилтдаа ханаж урууддаг.
  • Анхдагч байх нь хангалтгүй, илүү сайн хийх нь чухал (Don’t be first, be best): Pizza Hut салбартаа хамгийн түрүүнд интернэт захиалга болон аппликэйшнийг нэвтрүүлсэн ч Domino’s үүнийг зүгээр нэг хэрэгсэл бус компанийхаа цөм стратеги болгож чадсанаар зах зээлийн тэргүүллийг булааж авсан. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд хийсэн нь биш, хэн илүү сайн хөгжүүлж, стратегийн давуу тал болгож чадсан нь ялсан.

Эцэст нь хэлэхэд, “Yum Brands”-н Pizza Hut-г зарах болсон шийдвэрийг “дасан зохицож чадаагүй стратегийн төлөөс” гэж хэлж болно. Зах зээл дээр өрсөлдөгчөө ялахаас илүүтэй хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтийг соргогоор мэдэрч, түүнд тохируулан стратегиа хурдан өөрчлөх нь бизнесийн хамгийн чухал чадваруудын нэг юм.

Ашигласан эх сурвалжууд:

Өмнөх нийтлэл

Яагаад борлуулалтын төлөвлөгөө стратеги биш вэ?

Дараагийн нийтлэл

Starbucks-н эргэн ирэлт ба "Back to Starbucks" стратегийн тухай

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Шинэ нийтлэл цаг алдалгүй унших

Стратеги, бизнесийн кейс, салбарын өрсөлдөөний нийтлэлийг мэйлээр тогтмол хүлээн аваарай.
Зөвхөн үнэ цэнтэй мэдээлэл илгээнэ ✨
error: Контент хамгаалагдсан